“ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ

Amarbat Batzul
2 min readFeb 21, 2021

1. 5-р зүйл “Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах , хамгаалахад баримтлах зарчим” хэсэгт “Хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах зорилго хязгаарлагдмал, тодорхой, ойлгомжтой байх” гэсэн заалтыг нэмэх.

2. 5-р зүйл “Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалахад баримтлах зарчим” хэсэгт “Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаа нээлттэй байх” зарчмыг нэмэх.

3. 6-р зүйл “Мэдээлэл цуглуулахад зөвшөөрөл авах” хэсэгт “Мэдээллийн эзний зөвшөөрөл нь мэдээлэлд суурилсан, утга агуулга нь тодорхой, сайн дурын үндсэн дээр, өөрийн хүсэл зоригийн дагуу өгөгдсөн байна.” гэсэн заалт нэмэх.

4. 10.2 дахь заалт болох “Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажилтныг таньж, баталгаажуулах үйлдлийг хялбарчлах зорилгоор ажил олгогч ажилтны биометрик мэдээллийг цуглуулж, ашиглаж болно.Ажил олгогч биометрик мэдээллийг цуглуулж, ашиглах үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангаж ажиллана” гэсэн нь хүний үндсэн эрхийг хөндөх эрсдэлтэй заалт болсон байна. Учир нь ажил олгогчид “ажилтныг таньж, баталгаажуулах үйлдлийг хялбарчлах” гэх үндэслэлээр хүний салшгүй өгөгдөл болох биометрик мэдээллийг ашиглах, боловсруулах эрх олгох нь ажилтны хувийн мэдээлэл задрах, ажилтан өөрийн биометрик мэдээллээ хамгаалах эрх нь зөрчигдөх юм. Иймээс энэ заалтыг хуулийн төслөөс хасах шаардлагатай.

5. 12-р зүйл “Хэвлэл мэдээллийн зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах” хэсэгт дараах заалтыг нэмэх. Үүнд “12.2. Хэвлэл мэдээллийн байгууллага нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахдаа мэдээллийн эзний үндсэн эрхийг зөрчиж болохгүй.” гэх заалтыг нэмэх.

6. 15-р зүйлийн 15.1.4-т заасан мэдээллээ устгуулах эрхийг тогтоож өгсөн нь сайн зохицуулалт болсон ч энэхүү “мартагдах эрх” ямар ч тохиолдолд баталгаатай хэрэгжих, ямар тохиолдолд хэрэгжихгүй байж болох талаар зохицуулалт оруулах нь зүйтэй. “Мартагдах эрх” нь ямар ч тохиолдолд хэрэгжих ёстой абсолют эрх биш бөгөөд бусад эрх ашиг сонирхолтой нийцүүлэн хэрэглэх нь зөв байдаг. Мэдээллээ устгуулах эрхийг тусад нь зүйл заалтаар оруулан тодорхой нөхцлүүдийг нь зааж өгөх.

7. 17-р зүйлийн 17.2-т “Мэдээлэл хариуцагчийн эрх, үүрэг” хэсэгт “Хуульд заасан үндэслэлээр мэдээлэл цуглуулах тохиолдолд мэдээллийн эзэнд мэдээлэл цуглуулж буй зорилго, үндэслэлийг тайлбарлах” гэсэн заалт нэмэх. Мэдээллийн эзний зөвшөөрлөөр мэдээлэл цуглуулж байгаа нөхцөлд зөвшөөрөл авахдаа үндэслэл, зорилгыг тайлбарлах заалт хэдийн орсон тул энэ хэсэгт хуульд заасан үндэслэлээр мэдээлэл цуглуулахад зорилгыг тайлбарлаж өгөх заалтыг нэмэх нь зүйтэй.

8. Мэдээллийн аюулгүй байдалд халдсан зөрчлийг цагдаагийн байгууллага Зөрчлийн хуульд зааснаар хуулийн этгээдийг 5 сая хүртэлх төгрөгөөр торгох зохицуулалтыг оруулжээ. Дан ганц цагдаагийн байгууллага энэхүү хувь хүний мэдээллийн аюулгүй байдалд халдсан зөрчлийг шийдвэрлэх нь үр дүнтэй байж чадахгүй. Харин “мэдээллийн аюулгүй байдлын комиссар/байцаагч” гэх албан тушаалтан энэхүү мэдээллийн аюулгүй байдлын зөрчилтэй холбоотой бүх хэргийг хянан шийдвэрлэдэг байх нь зүйтэй.

9. Байгууллага, хуулийн этгээдэд ажилчдын тоотой харьцуулан мэдээллийн аюулгүй байдлын ажилтныг ажиллуулах хуулийн шаардлагын талаар судлан, хуулийн төсөлд оруулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл 100-аас дээш ажилтантай хуулийн этгээд бол зайлшгүй 1 мэдээллийн аюулгүй байдал хариуцсан ажилтныг томилон ажиллуулах гэх мэт.

Санал өгсөн: Хуульч Б.Амарбат

--

--